УБТЗ зөвшөөрөлгүйгээр үнээ нэмжээ

“Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифыг шалгахад ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогдлоо.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар төмөр зам 2006 оны 03 тоот тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох.” гэж заасан байдаг.

Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаалаар вагоны хоосон гүйлтийн хөлсийг 0,3 коэффциентоор нэмэгдүүлэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнийн өөрчлөлтийг хянуулж, зөвшөөрөл аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгаж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна.

Хуулийн дагуу УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг ШӨХТГ-аас мэдээллээ.