Ираны нефтийн бүтээгдэхүүн, пуужинг АНУ хурааж авчээ

Ираны нефтийн бүтээгдэхүүн, пуужинг АНУ хурааж авчээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Арабын тэнгис дэх хөлөг онгоцнуудаас Ираны олон зуун пуужин болоод 1.1 сая баррель нефтийн бүтээгдэхүүнийг хураан авчээ. Энэ нь АНУ-ын засгийн газар Иранаас түлш, зэвсэг хураан авсан хамгийн том тохиолдол боллоо гэж Хууль зүйн яамнаас мэдэгдэв.

Далай тэнгисийн аюулгүй байдлын ээлжит ажиллагааны үеэр зэвсгийг хурааж авсан байна. Йемен дэх Хоути зэвсэгт бүлэглэлтэй холбоотой Ираны лалын хувьсгалын хамгаалалтын баг уг зэвсэг тээвэрлэлтийн ажиллагааг зохион байгуулжээ.

Харин түлшний хувьд Арабын тэнгист Венесуэлийг чиглэн явж байсан гадаадын далбаатай дөрвөн танкнаас хурааж авчээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн төв командлал урьд нь Арабын тэнгист туг далбаагүй хоёр хөлөг онгоцноос хоёр удаа зэвсэг хураасан. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд эхний удаа, 2020 оны хоёрдугаар сарын 9-нд хоёр дахь удаагийн тохиолдол нь байв.

Уг үйл ажиллагаа нь Ираны дэглэм болон лалын хувьсгалын хамгаалалтын багийн эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой засгийн газрын зохицуулалтын үр дүн юм.

“Дээрх хоёр тохиолдол нь Ираны засгийн газар болон лалын хувьсгалын хамгаалалтын багийг дэмждэг гэмт хэргийн сүлжээнүүдийн хувьд хүчтэй цохилт боллоо” гэж Хууль зүйн яамны үндэсний аюулгүй байдлын хэлтсийн ерөнхий прокурорын туслах Мэттью Г.Олсен хэлжээ.

Хураан авсан зэвсгүүд дотор танк эсэргүүцэх пуужин 171, газраас агаар луу буудах пуужин найм, хуурай замын довтолгооны пуужингийн эд ангиуд, хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн эд ангиуд, дулааны зэвсгийн оптик багаж, пуужингийн зориулалттай бусад эд ангиуд болон дрон зэрэг байжээ. Өнгөрсөн 2020 онд АНУ нийт гурван төрлийн 358 ширхэг газраас агаар руу буудах пуужин, 150 ширхэг танк эсэргүүцэх пуужинг хурааж авч байсан.

Эх сурвалж: news.mn