Хүлээлт: Мега төслүүд хөдлөх үү?

Тавантолгой халуун сэдэв болж эхэллээ-

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сарын 9-нд Хятадын төрийн өмчит “Шинхуа” группынхэнтэй уулзсан юм. Уулзалтын дараа тэрбээр “Тавантолгой ойрын өдрүүдэд халуун сэдэв” болно гэсэн юм.

Тэгвэл Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчид Засгийн газрын төлөөлөлтэй өчигдөр /2016.12.21/ уулзлаа. Тэд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулалт хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр ярилцсан байна.Энэхүү түншлэл нь 2010 онд зарлагдаж, 2014 онд явагдсан сонгон шалгаруулалтанд шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ, хэлэлцээ эцэслэн байгуулагдаагүй байсан юм.

Уулзалтад Засгийн газрын ажлын хэсэг болон түншлэлийн гишүүн Монгол Улсын “Энержи Ресурс” ХХК, БНХАУ-ын “Чайна Шеньхуа Энержи” компани, Япон Улсын “Сумитомо” корпораци тус тус оролцжээ.

Уг сонгон шалгаруулалтад “Эрдэнэс тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Эдгээр дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс тавантолгой” компанийн техник, эдийн засгийн үндэслэлд 2,2 тэрбум тонн гэж тооцсон байдаг.

Монгол улсын засгийн газраас Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших чиглэл барьж байгаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмшүүлэхээр ярилцаж байгаа аж. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байх бөгөөд тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх саналыг уулзалтын үеэр тавьжээ.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР ГАЦААНААС ГАРНА

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгууласан. Энэ хөрөнгөөр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болжээ.

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.Ингэснээр жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор /Сангийн яам тооцоолол/:

  • Газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.
  • 600 гаруй шууд ажлын байр бий болно
  • Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж тооцоолжээ.

Т.НОМИН