Японы парламент казиног хуульчлав

Японы парламентын дээд танхим казино ажиллуулахыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн хүрээнд тус улсад зочид буудал, худалдааны төв зэргийг багтаасан казино цогцолбор байгуулах боломж бүрдэх ажээ. Wynn Resorts, MGM Resorts, Caesers зэрэг салбарын томчууд Японд бизнесээ өргөжүүлэх сонирхолтой гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Казиногийн бизнес эрхлэгчдийн хувьд тус улсын зах зээлд хөлөө олох амархан гэгдэж байна. Ялангуяа Хятадтай ойр орших бүс нутаг хамгийн өндөр боломжтойд тооцогдож байгаа юм.

Японы парламентын доод танхимаар өнгөрсөн долоо хоногт дэмжлэг авсан казиног хуульчлах асуудлыг дээд танхим нь өнөөдрийн /2016.12.15/ хуралдаанаараа баталжээ. Сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцэж байсан ч ерөнхий сайд Шинзо Абэ казиногийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аялал жуулчлалын салбар хөгжиж, улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах чухал алхам болно гэж үзэж байгаа юм. Хуулийн төсөлд Лас Вегасын адилаар казиногийн цогцолбор байгуулах тусгасан боловч нэн түрүүнд хуулийн зохицуулалт хийх журмыг сайтар төлөвлөж боловсруулах шаардлагатай байгаа гэнэ.

Японы Daiwa Research судалгааны институтын тооцооллоор Японд ердөө гурван казино ажиллахад жилд 10 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой аж. Гэхдээ мөрийтэй тоглоомчдыг татахын тулд Сингапур, Макао, Филиппин, Өмнөд Солонгос зэрэг Азийн бусад казиногоос ялгарах хэрэгтэйг зөвлөжээ.

Японы улстөрчид сүүлийн 15 жилийн хугацаанд казиног хуульчлах эсэх асуудлаар зөрчилдөж байсан юм. Нэг талаас эдийн засгийн хөгжлийг хурдасгах ач холбогдолтой ч нөгөө талаас нийгмийн дэг журам алдагдуулж, гэмт бүлэглэлүүдийн мөнгө угаах арга болж болзошгүй гэж санал зөрөлдсөөр иржээ. Энэ асуудлаар NHK телевизээс явуулсан санал асуулгад оролцогсдын 44 хувь нь эсэргүүцсэн бол 12 хувь нь дэмжиж, 34 хувь нь мэдэхгүй байна гэж хариулсан байна.