Тавантолгойн шинэ “наймаа”

 

-Мэргэжлийн Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг яаравчилж, хоёр жилийн дотор дуусгах, чингэхдээ “Шинхуа”-д 49 хувийг нь өгөх бодлого барьж байгаа нь нэгэнтээ тодорхой болжээ-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өнгөрсөн Баасан гаригт Хятадын төрийн өмчит “Шинхуа”-н төлөөлөгчидтэй тусгайлан уулзсанаар Тавантолгойн шинэ хэлэлцээр эхэллээ гэсэн мессежийг гадаад, дотоодын зах зээлд өглөө. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол УИХ-аар 2010 онд батлагдан гарсан гэвэл монголчууд зургаан жилийн дотор хоёр ч удаа хөрөнгө оруулагчдын тендерийг зарласан ч бүтэлтэй ажил болж чадаагүй юм. Ингээд гурав дахь удаагаа зарлаж буй Тавантолгойн хэлэлцээ анхнаасаа л хэрэгт дуртай хэвлэлийнхний анхаарлыг татаж, тэр тусмаа Хятадын төрийн өмчит “Шинхуа”-тай засгийн сайдууд  ганцаарчлан уулзсан нь салбарынхны гайхширлыг төрүүлж байна.

Ц.Дашдорж сайд “Хэлэлцээр дөнгөж эхэлж” байгааг дурдсан ч чухам яагаад “Шинхуа”-тай бусадтай нь уулзаагүй шалтгаанаа, мөн Японы “Сүмитома” болон Монголын “Энержи ресурс”-ын асуудал юу болсон талаар тоймтой мэдээлэл хэвлэлийнхэнд өгөхийг хүссэнгүй. Эндээс Тавантолгойн шинэ “наймаа” Монгол Улсад ашигтайгаар хөдөлж чадахгүй нь гэсэн хардлага төрүүлэхийн зэрэгцээ төмөр замын төслөө Хятадад зуун хувь тавиад туух вий гэсэн болгоомжлолыг ч төрүүлж байна.

Тавантолгойн олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, цахилгаан станцын асуудлаас гадна өмнийн говийн бүтээн байгуулалтыг хариуцуулах шинэ хэлэлцээр хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй ч Мэргэжлийн засаг 2017 он гэхэд мега төслүүдээ хөдөлгөхөөр улсын төсөвт суулгасан.

Чонын амнаас барын аманд гэгч болж болзошгүйг  Засгийн газраас байгуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэнд анхааруулахад буруудахгүй биз.

Одоогоос хоёр жилийн өмнө 2015 оны нэгдүгээр сард М.Энхсайханаас ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн тендерийн ялагчдаар Хятадын “Шинхуа”, Японы “Сүмитома”, Монголын “Энержи ресурс”-ыг тодруулж, гурван сар хэлэлцээр хийсний эцэст “Чалко”-гийн өрийг төлөх, төмөр замын төсөлд зарцуулсан 200 сая ам.долларыг гаргуулах, төмөр замаа өөрийн хөрөнгөөр барьж, 30 жилийн дараа Монголын Засгийн газарт эргүүлэн өгөх зэрэг тодорхой нөхцөлүүдийг тавьж, хөрөнгө оруулагчид ч хүлээн зөвшөөрсөн. Гэвч, УИХ-ын дарга асан З.Энхболд болон Х.Баттулга, Л.Эрдэнэчимэгийн оролцоотойгоор энэ тендер бүтэлгүйтэж, одоо ёстой л чонын амнаас барын аманд гэгч болж болзошгүйг  Засгийн газраас байгуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэнд анхааруулахад буруудахгүй биз.

Ян үнэндээ Тавантолгойг эргэлтэд оруулах шинэ ажлын хэсэг чухам ямар хэлэлцээ, ямар шаардлагыг “Шинхуа”-д тавьж буй талаарх бодит мэдээлэл алга. Тэр тусмаа хэвлэлийнхний анхааралд дахин орж ирж байгааг сануулсан Уул уурхайн сайд Тавантолгой дээр Монголын Засгийн газар ямар шаардлага тавьж байгааг, “Шинхуа”-н зүгээс юу хүсч буйг хэлэхгүй нууцлаад буй нь Тавантолгойг ханцуй дотроо наймаалж, Хятадад зуун хувь өгчих вий гэсэн хардлагыг улам өдөөж байна.

Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ажлаа сурталчлахдаа “Тавантолгойн төмөр замын 49 хувийг “Шинхуа”-д зарна” гэсэн нь Мэргэжлийн засгийн албан ёсны байр суурь болон харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг яаравчилж, хоёр жилийн дотор дуусгах, чингэхдээ “Шинхуа”-д 49 хувийг нь өгөх бодлого барьж байгаа нь нэгэнтээ тодорхой болжээ.

Яг энэ хүрээнд Тавантолгойн шинэ хэлэлцээр өрнөж байгаа болов уу. Чухамдаа Тавантолгойн төмөр замын 49 хувийг “Шинхуа”-д яг хэдээр үнэлж байгаа нь гол асуудал байх учиртай.

Улсын төсөв нь улайж, алдагдал нь бараг гурван их наяд руу дөхөж байгаа үед монголчууд Тавантолгойн 51 хувийг өөрсдөөсөө гаргах боломжгүй. Өр зээл тавъя гэхнээ өмнө авсан бондуудынхаа өрийг төлөх мөнгө манай Хөгжлийн банкинд алга. Энэ тохиолдолд төмөр замын 51 хувийг Хятадын Засгийн газраас зээлье гэвэл Тавантолгой тэр чигтээ Хятадын мэдэлд зуун хувь шилжихэд хүрнэ.

Харин үлдсэн 51 хувьд ногдож буй мөнгийг Монголын Засгийн газар хаанаас олох вэ. Улсын төсөв нь улайж, алдагдал нь бараг гурван их наяд руу дөхөж байгаа үед монголчууд Тавантолгойн 51 хувийг өөрсдөөсөө гаргах боломжгүй. Өр зээл тавъя гэхнээ өмнө авсан бондуудынхаа өрийг төлөх мөнгө манай Хөгжлийн банкинд алга. Энэ тохиолдолд төмөр замын 51 хувийг Хятадын Засгийн газраас зээлье гэвэл Тавантолгой тэр чигтээ Хятадын мэдэлд зуун хувь шилжихэд хүрнэ.

Монголын, тэр тусмаа Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд буюу Япон, Солонгос руу зарахад Хятадын төрийн өмчит “Шинхуа”-н төмөр замын сүлжээг ашиглахаас өөр аргагүй байхгүй. Тиймээс Тавантолгой дээр “Шинхуа”-тай хамтрах нь зөв ч, Хятад, Япон, Монгол гэсэн М.Энхсайханы гэрээ эдийн засгийн хувьд олон муугаас арай дээр хувилбар байсан ч байж мэдэхээр байна.

Тавантолгойн олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станцын төсөл дээр үндэсний компаниудын сонирхолыг сонсоно гэдгээ сайд хэлсэн бөгөөд төсөлд туслан гүйцэтгэгчээр орох сонирхолтой “Хишиг арвин индустриал” комдпанийн нууц ноёнтон нь УИХ-ын дарга асан З.Энхболд гэх мэдээ ч чих дэлсэх болсон. Хэрэв “Хишиг арвин индустриал”-ын ард З.Энхболд бий бол өнгөрсөн хугацаанд тэр хоёр сая хүний хувьцаа нэрээр хэний эрх ашгийг хамгаалж байсан бэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна.

Ямар ч байсан өнгөрсөн хоёр жилийн турш нүүрсээ үнс болтол хэрэлдсэн Монголын улс төр эдийн засгийнхны анхаарлын төвд Тавантолгой дахин орж ирснээрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид хандан таван асуулт тавихад хүргэж буй.

  • Нэгд, Тавантолгойн 49 хувийг “Шинхуа”-д хэдээр зарж байгаа вэ?
  • Хоёрт, Тавантолгойн 51 хувийг хэн эзэмших вэ?
  • Гуравт, Японы “Сүмитома”, Монголын “Энержи ресурс” хөрөнгө оруулагчаас хасагдсан уу?
  • Дөрөвт, Тавантолгойн хувьцаа юу болох вэ?
  • Тавд, Тавантолгойг тэр чигт нь танзуур боовноос өгчихөөгүй биз?