Анхаарах сэдэв: Тавантолгой хөдлөх үү?

  • Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг  өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг  Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат нар ажиллана. Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд “Шинхуа” группийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм. 

Тавантолгой: Өнөөдөр

Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төсөлд олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц, болон Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалт зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх томоохон хэлэлцээрийг үргэжлүүлэх бодлого барьж буйг “Шинхуа” группын удирдлагуудад дуулгасан юм. Монголын Засгийн газартай хэлэлцээ хийхээр “Шинхуа”-н талаас группын ерөнхийлөгч Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн иржээ.

Хятадын төрийн өмчит “Шинхуа” групп бол Монголын коксжих нүүрсний тэргүүлэх орд Тавантолгойн төсөлд хамтрах сонирхлоо удаа дараа илэрхийлж байсан юм. Энэ удаад ч тэд Тавантолгойн төсөлд хамтрах сонирхолтой байгаа юм. Ноён Lu Bing “ Тавантолгойн төсөлд хоёр ч удаа оролцож, хоёр ч удаа ялсан”. Монголын шинэ Засгийн газраас Тавантолгойн хэлэлцээрийг үргэжлүүлэх, хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Манай групп танай ажлын хэсэгтэй хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, Тавантолгойн төсөл оролцох сонирхолтой байна” гэлээ.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Зам тээвэр, хөгжлийн сайд, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол нар багтаж байгаа юм. Тэр “Энержи ресурс”, “Хишиг арван индустриал”, “Гранд повер”, “Олборлолт”, “Үндэсний олборлогч”, “Моннис” зэрэг үндэсний аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчтэй уулзаж Тавантолгойн төсөлд хэрхэн оролцож, ямар нөөц бололтой байгаа талаар мэдээлэл солилцох гэнэ.

Газрын хэвлий дороо 6.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Монголын Засгийн газар гурав дахь удаадаа сууж байна. Өмнө нь Сү.Батболдын Засгийн үед мөн Ч.Сайханбилэгийн засгийн үед тендер зарлаж хөрөнгө оруулагчдыг тодруулсан ч Монголын парламент хүлээж аваагүй. Харин энэ удаад УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-д Тавантолгойг хөдөлгөх том даалгавар ирсэн гэж хэлж болно.

Уул уурхайн сайд Ц.Дашдорж хэвлэлийнхэнд хандаж “Тавантолгойн нүүрсний асуудлыг эдийн засгийн эргэлдтэд оруулах үүднээс олон сарын турш тооцоо судалгаа хийлээ. Монгол Улсад орох өгөөж нь М.Энхсайхан сайдын хийсэн төслөөс юугаараа давуу талтай вэ гэдгээ бас ярилцлаа. Өнөөдөр зөвхөн гадны хөрөнгө оруулагчтай уулзлаа. Одоо дотоодын хөрөнгө оруулагчтай уулзана. Монголын зарим том компаниуд хариугаа шууд хэлж байна. Зарим хөрс хуулалтын ажиллагаанд оролцьё гэсэн санал тавьж байна. Харин “Шинхуа” групп Тавантолгой төсөлд оролцохоо албан ёсоор илэрхийллээ. Ойрын үед улс төр, эдийн засгийн анхаарлыг татсан асуудал Тавантолгой байх болов уу” гэсэн мэдээллийг өглөө.

Тавантолгой: Өчигдөр

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2008-2012 оны парламент УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг баталсан. Үүний дагаа С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, тухайн үед 15 оролцогч Монголын коксжих нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлж байв. Тухайн үеийн Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаас ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн тендерт оролцогчтой хэлэлцээрийн ширээний ард дөрвөн сар суусны эцэст АНУ-ын “Пибоди Энержи”, Хятадын “Шинхуа Энежри”, ОХУ-ын “Оросын төмөр замын нэгдэл” болон Монгол гэсэн хувилбараар ялагчийг тодруулсан ч парламентаар хэлэлцэж чадалгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, “Шинхуа Энержи” Тавантолгой 40 хувийг, “Пибоди Энержи” 24 хувийг, Орос-Монгол нийлээд 36 хувийг эзэмших Хамтарсан засгийн шийдвэр зарим хөрөнгө оруулагчдад таалагдаагүйгээс Тавантолгойн төсөл гацах шалтгаан болж байв.

Тэгвэл Шийдлийн Засгийн газар 2015 оны нэгдүгээр сарын 5-нд Тавантолгойн тендерийн шинэ ялагчаар Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сумитома”, Монголын “Энержи ресурс” гэсэн гурвалсан нэгдлийг тодруулснаа М.Энхсайхан төслийг хариуцагчийн хувиар зарлаж байв. Гэвч, энэ төслийг яг үзэглэдгийн даваан дээр УИХ-ын экс дарга З.Энхболд “Хэрэв УИХ-аар хэлэлцүүлэхгүй Тавантолгойн төслийн гэрээг байгуулбал Засгийн газрыг огцруулна” гэснээр Ардчилсан нам доторх нүүрсний хэрүүл эхэлсэн билээ.

Ямар сайндаа УИХ, Засгийн газар нь хоёр өөр төсөл боловсруулж, эцэс сүүлдээ ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт төслөө буцаан татсанаар Шийдлийн Засгийн Тавантолгойг эргэлтэд оруулах мөрөөдөл талаар болсон юм.

Тавантолгой хөдлөх үү?

Монголын эдийн засагт яг ийм хүлээлт үүсээд арваад жил болж байна. Хоёр ч Засгийн газар Тавантолгойн тендерийг зарлаж, ялагчдыг тодруулсан ч үр дүнгүй ажил болоод өнгөрсөнийг хэлэхэд буруудахгүй биз. Харин гурав дахь удаагийн оролдлого Тавантолгойг эргэлтэд оруулж чадах уу. Өөрөөр хэлбэл, УИХ-д 65 суудалтай МАН-ынхан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оржуулж, Монголын нүүрсний дэлхийн зах зээлд гаргах гэрийн даалгавраа хэрхэн биелүүлэхийг харах л үлдэж байна. Учир нь Ц.Дашдорж сайдын хэлснээр ойрын өдрүүдэд улс төр, эдийн засгийн халуун сэдэв Тавантолгой байх нь.