Таван хувийн зээлийг энэ сарын 15-наас олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн журмыг шинэчлэн баталж, таван хувийн зээл олгох шийдвэр гаргасан. Тэгвэл ипотекийн таван хувийн зээлийг энэ сарын 15-наас эхлэн олгохоор болж, бэлтгэл хангаж буй аж.

 

Журамд зааснаар ипотекийн таван хувийн зээлийг Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд хамаарах болж буй юм. Тодруулж хэлбэл, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон 2000 гаруй айлын орон сууцаас сонголт хийвэл хүү нь таван хувь болно. Орон нутгийн тухайд төрөөс аймагт бүрт барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт туссан юм. Эдгээр нь эхний удаад хэрэгжүүлэх зохицуулалт болж байна.